Thursday, April 28, 2011

Гүнжээ.


Ай миний Гүнжээд: Сэтгэлд тунасан мэлмэн хар нүд ахиад л гунигийн ай хөглөж сэтгэлээс минь сүүлчийн навчис хагдарлаа. Энэ бол чиний минь зүгт ниссэн миний шувуудын сүүлч.
            Шаргал намраар чи минь айлд очиж шандуурсан хүсэлдээ зүрхээ эсгэн үлдэнэ гэж бодож явсангүй найз нь. Бүсгүй заяанныхаа эмзэгхэн бодолдоо уусавч бүрэг ялдамхан Гүнжээ  минийх л юм шиг санагдаад ... ... ...
Асга тойрмын чулуудаар гэр барин тоглохдоо айлын эгчийг дуурайж дээжээ надад барьдарсан. Арван жилийн сургуулдиа тохой залган суухдаа анхны хайрын минь захидлыг алгандаа нуусан гэнэн ичэнгүйрэл бас хүнийх гэж үү! Ай үгүй ээ үгүй хүслэнт багын Гүнжээ хүнийх биш минийх.
            Торгон туузаар гоёж хүнийх болон одлоо ч тоодгор баривчтай төрх нь минийх л хэвээр үлдэнэ. Хуримын бэлзэг хуруундаа зүүн өнөөдөр чи минь айлын бэр болон одход хуучирч илааршихгүй зүрхийг минь одоо хэн илбэх юм бэ?
            Нэн эмзэг хүсэлдээ нэрийг чинь дуудсаар нэг л мэдхэнээ би чулуун гэртээ ирчихэж.
            Тулга хэмээн нэрлэдэг гурвалжин чулуу минь эмтэрчихэж, тугалын шилбүүрээр хийсэн уурга маань ч хүртэл гундчихаж, аавын суудалдаа суусан ч сэтгэл нэг л эзгүй, аагтай цайгаа барьдаг чи минь бас эзгүй...
            Цайлган инээдээрээ чи минь булгийн усыг сүллэж цайгаа уудаа хэмээн дээжээ надад барьдагсан. Алийгаа мэдэхгүй би чинь тэгэхэд нь аавынхаа үгийг зээлдэж “ Ашгүй сайхан цайлчихлаа хө адуундаа мордъё” гээд босдогсон …
Дурсамжийн хуудас хаагдаж дуусаагүй байтал хөнгөн тэрэг алгуурхан асаж хөөрхөн Гүнжээ төрхөмөө орхин одлоо. Зураах цагаан тоосны хойноос дурандан хоцорхуйд  зуунаас ч урт өдрийн наран жаргаж байлаа.

No comments:

Post a Comment